Хий үзэгдэлтэй учирсан сонирхолтой баримт



Хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн”-ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор унаган цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг.
Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ.
Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов. Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л…. Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.

Comments

Anonymous said…
ystoi aimar sanagdchihlaa hehe tnx adminaa

Popular posts from this blog

Оюуны өлсгөлөн

Би чамд хайртай 100 шалтгаан

МООЖ нарт зориуллаа